Монголын ХАМГИЙН ТОМ АГРЕГАТ ЗАСВАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ нээгдлээ


Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХКомпани нь Вагнер Ази Групп Лимитед Компанийн хөрөнгө оруулалттайгаар 1996 оноос хойш 22 дахь жилдээ Монгол Улсад тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улсын топ 100 аж ахуй нэгжийн 20-д эрэмблэгдэж байна.

Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК нь барилга, уул уурхай, зам, дэд бүтцийн хүнд даацийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том үндэстэн дамнасан Америкийн CATERPILLAR корпорацийн Монгол дахь цорын ганц дилер бөгөөд худалдаа, засвар үйлчилгээ, сэлбэгийн бэлэн байдал, санхүүгийн шийдэл, бүтээгдэхүүн дэмжих үйл ажиллагаа зэрэг иж бүрэн цогц үйлчилгээг харилцагчиддаа хэвийн хүргэж байна.

Бид Улаанбаатар хотноо 7 жилийн өмнө хүнд даацын машин техникийг засварлах боломжтой Агрегат засварын төвөө нээж байсан. 2018 онд 3 дахин илүү хүчин чадалтай болгон өргөтгөн, шинэчлэх төслийг дуусгаж Монголын хамгийн том Агрегат Үйлдвэрлэлийн төвийг ашиглалтад оруулж, нээлтийн үйл ажиллагаа 11-р сарын 13-ны өдөр болж өнгөрлөө.

Сүүлийн 10 гаруй жил Монгол Улсын экспортын орлогын 70-аас 80%-ийг эрдэс бүтээгдэхүүн бүрдүүлсээр ирсэн. Дотоодын нийт бүтээгдэхүүний 24%-ийг Уул уурхайн салбар эзэлж байна. Ирээдүйд эдийн засгийн хамгийн том бүтэц нь уул уурхайн салбар хэвээр байх төлөвтэй. Уул уурхай, барилга, бүтээн байгуулалтын салбарын хөдлөх гол зэвсэг бол CAT машинууд. Тиймээс эдийн засгийн хөдөлгөгч хүч, бүтээгч машин CAT-ийн тоног төхөөрөмжийг Монголдоо иж бүрэн засварлах, шинэчлэх зайлшгүй шаардлага бүрдээд байгаа энэ цаг үед энэхүү засварын төв үүд хаалгаа нээсэн нь олзуурхууштай үйл явдал юм.

Тус өргөтгөл, шинэчлэлийн төсөл нь нэг компаний хөгжлийн асуудал мэт боловч том зургаар харвал Монголын Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих асар том ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.

Нээлтийн үйл ажиллагаанд  уул уурхай, барилгын салбарын нийт 300 орчим харилцагч,төлөөлөгчид болон Вагнер Тоног Төхөөрөмж компанийн ерөнхийлөгч ноён Брус Вагнер, бусад төлөөлөгчдийн хамт АНУ-аас хүрэлцэн ирж оролцлоо. Энэхүү үйл ажиллагааны үеэр Агрегат Үйлдвэрлэлийн Төвийн үүд хаалгийг нээх ёслолоос гадна, нийт ирсэн 300 харилцагчид Вагнер Ази Тоног Төхөөрөмж компанийн засварын төв, сэлбэгийн агуулах, технологийн шийдлүүд болон бусад хэлтэс, нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцах аялал зохион байгууллаа.

Уг арга хэмжээний хаалтын оройн зоогийн үеэр 2 томоохон гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. Оюу Толгой компанитай 600тн даацтай CAT 6060 гидр экскаватор худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан. Терра Энержи компанитай 3 жилийн хугацаанд тоног төхөөрөмж түрээслэх болон засвар үйлчилгээ хийлгэх гэрээнд гарын үсэг зурагдсан нь энэхүү үйл ажиллагааны онцлох үйл явдлуудын нэг байлаа.


Facebook Twitter Google Plus