ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН САР (Women with Cat)



Бид 3 дугаар сарыг бүхэлд нь Уул уурхайн салбарт ажиллаж буй ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН САР (Women with Cat) болгож байна. Caterpillar корпораци болон  Barloworld Group нь эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх, тэдний мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, албан тушаал ахиулах бодлого баримталдаг билээ.

Өнөөдрийн онцлох бүсгүй бол Барловорлд Монголиа компаний сургалтын хэлтсийн менежер Б.Хуншагай бидэнтэй ажил, амьдралын хэвшлээсээ хуваалцаж байна. Тэрээр нийт 27 анги техникч бэлтгэх сургалтыг зохион байгуулж төгсгөсөн ба техникчдийн карьер хөгжлийн хөтөлбөр ба борлуулалтын мэргэжилтнүүдийн карьер хөгжлийн хөтөлбөр зэргийг цогцоор нь нэвтрүүлж хэрэгжүүлсэн. Мөн 6 сигма Хар бүстийн сургалтыг амжилттай дүүргэж процесс сайжруулах 6 төслийг ахалж байсан юм.

 

  1. ТАНЫ АЖЛЫН НЭГ ӨДӨР?

Ажлын өдөр бүр нэгэн хэвийн байдаггүй. Өглөө тухайн өдрийн ажлаа төлөвлөхөөс эхлэх ба сургалтын бэлтгэл ажлууд, төлөвлөгөө, тайлан, бичиг баримт боловсруулах, хянах, харилцагчтай болон сургалтын байгууллагуудтай харьцах, хурал хийх гэх мэтээр өрнөдөг. 

  1. ТА ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Манай хэлтэс сургалтын төлөвлөгөөг жилээр нь гаргадаг ба түүн дээрээ тулгуурлан сар тутмын төлөвлөгөөг хамтдаа гаргаж аливаа асуудлыг байнга хамтдаа ярилцаж шийддэг. Сарын төлөвлөгөөнөөс өөрийн 7 хоног тутмын төлөвлөгөө, цаашлаад өдөр тутмын төлөвлөгөөгөө гаргаж дэвтэр хөтөлдөг.

  1. ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОГ?

Бусдад хэн нэгэн булаагаад авах эсвэл алдах боломжгүй, амьдралд нь хамгийн хэрэгтэй мэдлэг чадвар гэдэг зүйлийг өгдөг учраас сургалтын ажилдаа дуртай, үүгээрээ бахархдаг.

  1. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛДЭГ ВЭ?

Өөрөө сургалт заахдаа интернэтээс онлайн сургалтууд үзэж, видео хичээл үзэж эсвэл ном уншиж байгаад материалаа өөрөө бэлддэг учир ингэж бэлдэх явцдаа өөрийгөө хөгжүүлдэг. Хамгийн түрүүнд бидэнд DPC буюу CAT-ын онлайн сургалтын платформ байгаа нь маш том давуу тал юм. DPC дээр техникийн бүх сургалтаас гадна soft skill, манлайллын, менежментийн, компьютерийн гэх мэтээр төрөл бүрийн сургалтыг үзэх бүрэн боломжтой байгаа.

  1. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Санал болгох ном: Ад үзэгдэх зориг. Ширээн дээрээ тавьчихаад өдөр бүр бага ч гэсэн сөхөж уншихад олон асуултын хариуг олж авах ном.

Хөгжим: Fiji Blue гээд сонсоход амар бөгөөд тайван, сэтгэл сэргээх дуунуудтай жижигхэн хамтлаг байгаа. Youtube дээрээс хайж олоод сонсоод үзээрэй.

Кино: Англи хэлний төрөл бүрийн хэлц үгийг хөгжилтэйгөөр сурмаар байвал Friends үзээрэй.    

  1. АМЬДРАЛААС АВСАН ХАМГИЙН ТОМ ХИЧЭЭЛ, СУРГАМЖ ЮУ БАЙВ?

Бусдыг ойлгож уучилж сурах. Хэн ч төгс биш учраас хүн бүр алдаа гаргадаг. Бусдыг өөрийн стандартаар шүүлгүй нэгэнт чамаас өөр хүн учраас тэр хүний өнцөгөөс хараад ойлгоод уучлаад сурчихвал өөрт их амар бөгөөд аливаа зөрчилдөөнөөс сэргийлж чаддаг шүү.

  1. АЖЛЫН ГАРААГАА ЭХЭЛЖ БУЙ ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ?

Алдаж онохоос айлгүй хиймээр байгаа зүйлээ бага гэлтгүй хийгээд өөрийгөө аль болох эрт таньж мэдээрэй. Өөрийнхөө юунд дуртай, юунд авъяастай, юуг хамгийн сайн хийж чадахаа эртхэн мэдчихвэл ирээдүйд хэн байхаа шийдэж зорилгоо зөв тодорхойлоход тустай. Аливаа үүрэг даалгавраас төвөгшөөлгүй, энэ бол миний өөрийгөө харуулах боломж гэж хүлээж авдаг байвал ихийг сурах ба амжилттай ажиллах болно.

Facebook Twitter Google Plus