Бид нийслэлийн 800-аад хүүхдүүдэд цэвэр агаар бэлэглэлээ


Вагнер Ази компаниас нийслэлийн хамгийн өндөр агаарын бохирдолтой газруудын нэг Баянзүрх дүүргийн 3 цэцэрлэгт агаар шүүгчийг 4 сарын 14-ны өдөр хүлээлгэн өглөө.

Улаанбаатар хот гадаад орчны агаарын бохирдлын хэмжээгээрээ ДЭМБ-ын заасан жилийн дундаж нарийн ширхэглэгт тоосонцорын (PM2.5) зөвлөмж хэмжээнээс 7 дахин их байна. Агаарын бохирдлоос үүсэх сөрөг нөлөө хүүхдийн эрүүл мэндэд илүү ноцтой байх бөгөөд цаг алдалгүй арга хэмжээг авах шаардлагатайг өнгөрсөн онд НҮБ-ын Хүүхдийн Сангаас гаргасан тайланд онцолсон билээ. 2015 онд зөвхөн Улаанбаатар хотод 5 хүртэлх насны 435 хүүхэд хатгалгааны улмаас энджээ. Ханиад хүндэрч, хатгалгаа болоход нөлөөлдөг нэг гол хүчин зүйл бол агаарын бохирдол юм.  Цаашлаад ургийн өсөлт зогсох, дутуу төрөх, амьсгалын замын хурц үрэвслээр өвдөх зэргээр агаарын бохирдол эрүүл мэндэд ноцтой хор уршиг үзүүлдэг талаар дээрх судалгаанд дурьдсан байна.

Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээгээ эрчимжүүлж байгаа энэ үед НҮБ-ын Хүүхдийн Сан  агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулах бодлогын шийдвэрт шаардлагатай баримт нотолгоог бий болгоход Засгийн газрыг дэмжин ажиллаж байна.

Мөн хүүхэд рүү чиглэсэн компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийнхэнд дэмжлэг үзүүлэх, компаниуд тухайн орон нутаг, байгал орчиндоо эерэг хувь нэмэр оруулахад нь туслах чиглэлд НҮБ-ын Хүүхдийн Сан анхаарч ажилладаг. Энэ ажлын хүрээнд Вагнер Ази компаниас Баянзүрх дүүргийн цэцэрлэгүүдэд бэлэглэж буй агаар шүүгчийн ачаар 800 гаруй хүүхэд цэвэр агаараар амьсгалах боломжтой боллоо.

“Цэцэрлэг нь цэвэр агаартай болсноор энэ хүүхдүүд эрүүл саруул өсч, тоглож наадах, сурч боловсрох, ирээдүйдээ хүссэн зүйлдээ хүрэх магадлал нь бага ч болов нэмэгдэж байна. Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахад далайцтай арга хэмжээнүүд авч эхлээд байгаа. Тэгвэл агаарын бохирдлоос хүүхдийнхээ эрүүл мэндийг яг одоо хамгаалахын тулд бид наад захын чадах зүйлээ хийх хэрэгтэй байна. Вагнер Ази компанийн энэ санаачилга хүүхдийн сайн сайхны төлөө бодитой хувь нэмэр оруулахыг хүсч буй бусад компаниудад үлгэр жишээ болно гэдэгт найдаж байна” гэж Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Роберто Бэнес онцлов.

Ирэх 2 жилийн хугацаанд НҮБ-ын Хүүхдийн Сан, Вагнер Ази компани хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, Монголын хүүхдийн сайн сайхны төлөө, тэр дундаа агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулах чиглэлд олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Facebook Twitter Google Plus