Барловорлд Монголиа Компанийн Санаачилга Катерпилларын "Шилдэг Дилерийн Туршлага"-аар шалгарлаа

barloworld mongolia
barloworld mongolia
barloworld mongolia

Катерпиллар компанийн дэлхийн хэмжээнд хэрэгжүүлдэг “Шилдэг дилерийн туршлага” хөтөлбөрийн хүрээнд Барловорлд Монголиа ХХК нь “Үндсэн гадаргууд металл шавалт хийсний дараа суурь машин дээр тэгш хэмийг тааруулах үйлдлийг хялбарчлах” шинэлэг аргаараа олон улсад шалгарлаа.

Санаачилгыг Барловорлд Монголиа Компанийн машинист Э. Энхболд гаргаж, техникийн инженер О. Бат-Эрдэнэ үйл явцыг баримтжуулжээ. Тэдний гар бие оролцсон энэхүү бүтээлч санаачилга нь зөвхөн дотоод процессыг сайжруулаад зогсохгүй, Катерпилларын дэлхий даяарх дилерүүдэд жишиг боллоо.

Барловорлд Монголиа компанийн механик боловсруулалтын цехэд боловсруулсан энэхүү арга нь металл шавалт хийсний дараа хөдөлгүүрийн блокийн төвийг тодорхойлох хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэсэн аж. Өмнө нь цаг их шаардсан, алдаа гарах эрсдэлтэй байсан үйл явцыг энэхүү бүтээлч, өртөг багатай шийдлээр хялбаршуулж, стандартжуулжээ.

Катерпилларын тайланд дурдсанаар уг санаачилга нь дараах эерэг үр дүнг үзүүлсэн байна:

  • Хөдөлгүүрийн блокийг хурдан бөгөөд хялбараар суурь машин дээр тэгш хэмийг тааруулах
  • Тэгш хэм, зоролтын алдаа багасах
  • Цехийн бүтээмж, үр ашиг дээшилж цаг хэмнэх

Бид энэхүү шинэлэг санаачилгын эзэн Эрдэнэбаярын Энхболдтой уулзаж хэрхэн уг шинэлэг санаа олж нээсэн талаар болон үйл явцаас сурч мэдсэн зүйлсийнх нь талаар ярилцсан юм.

А: Та өөрийгөө бидэнд товч танилцуулна уу.

Х: Намайг Эрдэнэбаяр овогтой Энхболд гэдэг. Барловорлд Монголиа ХХК-ийн механик боловсруулалтын цехэд машинистаар ажилладаг. Бид өдөр тутамдаа Caterpillar-н болон бусад брэндүүдийн тоног төхөөрөмжүүдийн эд ангийг сэргээн засварладаг.

А: Таны гаргасан шинэ санаачилга Катерпилларын “Дилерийн шилдэг туршлага” хөтөлбөрт шалгарсан байна. Уг шинэлэг санаачилга бүтсэн түүхээсээ бидэнтэй хуваалцаач.

Х: 35 серийн хөдөлгүүрүүдийн элэгдлийн зэргээс хамаарч засварын ажлыг хийж гүйцэтгэхэд үндсэн нүүр гадаргууд металл шавалт хийсний дараагаар хөдөлгүүрийн үндсэн нүүр гадаргууд зоролт хийж стандарт хэмжээнд хүргэх шаардлагатай болдог. Үүний тулд хөдөлгүүрийг зоролтын хутгатай харьцуулан тэгш хэмтэй байрлуулах хэрэгтэй болдог. Миний санаачилга нь тухайн тэгш хэмтэй байрлуулах ажлын хугацааг хэмнэх мөн тэгш хэмийн алдаа үүсэхгүй байх дээр хийсэн сайжруулалт юм. Тухайн тэгш хэмтэй байрлуулах ажлыг хийхэд цаг их орохоос гадна төвөгтэй байдаг учраас ажил хөнгөвчлөх болон хугацаа хэмнэх зорилгоор тус сайжруулалтыг санаачилсан.

А: Санаачилгыг хэрэгжүүлэхэд хамгийн чухал зүйл юу байсан бэ?

Х: Үйлдвэрлэгчийн анх заасан тэгш хэмийг хадгалах нь хамгийн чухал байлаа. Мөн урьдчилсан зоролтын дараа манай санаачилга бусад үйл явцад саад болох эсэх талаар багийнхантайгаа ярилцаж зөвшилцсөн.

А: Үр дүн ямар байсан бэ?

Х: Хүлээлтээс давсан үр дүн гарсан. Өмнө нь засвартай гадаргууг хоёр удаа металл шавж байж гүйцэтгэдэг байсан бол одоо зөвхөн нэг удаагийн шавалтаар бүх гадаргууг бүрэн сэргээж байна. Ингэснээр нэг блокийн засварын хугацааг 5–6 цагаар багасгасан.

А: Өөр ямар нэгэн шинэ ололт байсан уу?

Х: Энэхүү аргыг зөвхөн 35 серийн блок дээр бус мөн C18, C27, 3412 зэрэг бусад блокуудад ч ашиглаж боломжтой давуу талтай.

А: Бусад ажилтнуудтай хуваалцах зөвлөгөө бий юу?

Х: Үргэлж шинийг эрэлхийлж байгаарай. Бүтээлч санаа эрэл хайгуулаас төрдөг.

Энэхүү гайхалтай туршлагаараа Барловорлд Монголиа ХХК нь механик боловсруулах салбарт тэргүүлэгч байгаагаа дахин баталж, дотооддоо нээж илрүүлсэн инновац нь дэлхийн түвшинд хүрч болдгийг харууллаа.