Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК Багануур ХК-д 6 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө


Багануур ХК нь 2017 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-тай гэрээ байгуулан CAT 777D хөрс тээвэрлэлтийн 100 тонны даацтай авто самосвал 2 ширхэг, CAT 773E нүүрс тээвэрлэлтийн 61 тонн даацтай авто самосвал 2 ширхэг, CAT 14M авто грейдер, CAT 824K  маркийн дугуйт түрэгч тус бүр 1 ширхэгийг 10 сарын 20-ны өдөр хүлээлгэн өглөө. Шинэ техникуудыг хүлээж авах ёслолын ажиллагаанд Багануур ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун, ҮЭД захирал Н.Базарсүрэн, ТАЭД захирал П.Эрдэнэцогт, СХОЭД захирал Д.Ганзориг, Вагнер Ази Тоног төхөөрөмж ХХК-ийн Худалдаа ба түрээсийн газрын захирал Э.Энхдэлгэр, худалдааны төлөөлөгч Ц.Баяраа нар оролцож хүндэтгэлийн тууз хайчиллаа. Түлхүүр гардуулах ёслолын ажиллагааны үеэр эдгээр шинэ техникуудыг хүлээн авч буй Технологийн авто машины ашиглалтын хэсгийн оператор жолооч нарт итгэмжлэл,  түлхүүрийг хадаг сүүний хамт гардуулан өглөө. Ёслолын үйл ажиллагаанд мэндчилгээ дэвшүүлж МУГЖ, уртын дуучин Г.Хонгорзул, язгуур урлагийн Алтай хамтлагууд хүрэлцэн ирж уран бүтээлээсээ толилуулсан юм.

Монгол улсын нүүрсний хэрэгцээний 60 хувь, төвийн бүсийн эрчим хүчний зориулалттай нүүрсний хэрэгцээний 70 хувийг дангаараа хангадаг Багануур ХК өвлийн ид ачааллын үед  6 ширхэг техник худалдан авч буй нь цахилгаан станциудыг нүүрсээр найдвартай хангахад том хувь нэмэр болж байна.

Вагнер Ази тоног төхөөрөмж ХХК нь Багануур ХК-тай 1998  оноос эхлэн хамтран ажиллаж Caterpillar брэндийн 40 гаруй ширхэг техник  худалдан авч байсан бөгөөд тус техникүүд Багануурын уурхайг 110 сая тонн нүүрсээ олборлоход зохих хувь нэмрийг оруулсан төдийгүй өдгөө ч найдвартай ажиллаж байна.

Facebook Twitter Google Plus